Шатрын жаран дөрвөн буудалд сэлмээ сугалан, жад зөрүүлж, үнэн хүчийг үзэцгээв
Баруун талын засуул сонсоо өрсөлдөгчөө амлая ооооо! Шатрын жаран дөрвөн буудалд сэлмээ сугалан, жад зөрүүлж, үнэн хүчийг үзэн олон түмний нүдэн дээр уран мэхийг уралдуулан ноцолдое гэвээ!! Монгени цогцолбор сургуулийн байрнаас илдний харшилдаан, бамбайны хангинаан, шөвөг хатгах зайгүй суман мөндрийн исгэрээн, хүлэг морьдын янцгаан, туурайн пижигнээн, хүч сорьсон тэмцэлдээн, тэнгэр язгуурт хаадын зарлиг сонсогдсон нь “Дагшаахүү” шатрын клубын 10 жилийн ойд зориулсан “Ам угтуул-2024” тэмцээн зохиогдсоныг илтгэж буй ажээ. Эхний өдөр 60 шатарчин швейцарь системээр 7 өрөг тоглон шилдэг 32 шатарчныг мангар сайн шүүлтүүрээр шигшиж, шүүж аваад наадмын асрын өмнө нар унатал барилдууллаа даа. Хангай нутгийн халиурсан өвстэй Модны хоёрын ногоон дэнжийн халцарч, холцортол наадсан 2 дох өдрийн нохой цаг доор шөвгийн 4 бөх тунан үлдсэн нь зүүний магнайд боссон улсын 4 удаагийн аварга Гүн бодолтой хүн болоорой хэмээн Гүндаваа хэмээх алдрыг хайрласан их мастер Баярсайханы Гүндаваа, баруун жигүүрийг толгойлон зодголсон Өндөр гэгээний өргөсөн сүүний цацал made in Uvurkhangai улсын аварга Гомбосүрэнгийн Мөнхгал, Сэлэнгийн хөвөөнд сэлэхийг нь сураагүй ч, сэтгэлийн хатыг нь өөртөө шингээж, “Төр Монгол”-ын Ц.Батболд дасгалжуулагчаар залуур хийн шазруун зан, шаргуу хөдөлмөрөөрөө шат ахин суга өссөн Алтан-Өлзийн Энхтуул, сүүлийн үед сараар сайжирч, өдрөөр өсөн, ахмад Марвел шиг баруун гартаа гал, зүүн гартаа усыг захиран замдаа таарснаа хурууныхаа үзүүрээр хумхын тоос болгож яваа Бат-Эрдэнийн Мөнгөнзул нар байлаа. Баярсайханы Гүндаваа нүүрсний сонсгол сонсоод уур нь хүрч, уушги нь сагсайгаад, шөвгийн дөрөвт сүр хүч нь сүрхий өсөн нэмэгдэж буй Б.Мөнгөнзулыг амлан авч өвдөг шороодуулан, үзүүр түрүүнд хар багын найз, хамт ургасан оонын эвэр Г.Мөнхгалын элэг бүсийг тайлуулан тахимаа авч тугаа тавантаа тойроод босоо түрүүллээ базарваань. Гомбосүрэнгийн Мөнхгал хоёронтоо цолоо дуудуулан шийр заан үзүүрт үлдсэн бол эмэгтэй их мастер А.Энхтуул, шөвгийн наймд их мастер Цэгмидийн Батчулууныг аваад залсан цол нь багадцан аюултай этгээд Бат-Эрдэнийн Мөнгөнзул нар шөвгийн дөрөвт үлдлээ дээ. Орчин цагийн Монголын шатрын домог Базарын Хатанбаатар 2 даваад, их шөвөгт А.Энхтуулд цагаан тугаа өргөжээ. Ам авах журмаар явагддаг Монгол ахуйг шингээсэн уламжлалт тус тэмцээнийг “Цэцэн нүүдэл” шатрын клуб, “Дагшаахүү” клуб хамтран зохион байгуулан, “Дагшаахүү” клубын үүсгэн байгуулагч Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Б.Болдбаатар агсны гэр бүл, Дагшаахүү агсны гэр бүл ивээн тэтгэгчээр ажилласныг энд дурдсуу.
Эх сурвалж : Харуул Харуул