Эн тэнцүүхэн дэлхийн аваргууд тэр доор таарах нь зөв үү?
Парисын олимпын медалийн анхны эзэд тодорлоо. Эмэгтэй 60 кг-ын жинд Хятадын Яанг Вен Лү, Тайваны Ву Ших Юү, Ирландын Харрингтон Келли, Бразилийн Ферейра Соарес нар медалийн тавцанд зогсохоор болжээ. Токиогийн олимпын мөнгөн медальт Ферейра аваргын тавцанд зогсохоор ирсэн нь тодорхой. Сүүлийн 3 жил ялагдаагүй яваа тэрээр үнэхээр хүчтэй боксчин. Олныг дэлдийлгэсэн гайхалтай тулаанууд 1/8 шигшээд болж байна. Дэлхийн аваргууд дэндүү эрт хоорондоо таарав. Эмэгтэй 75 кг-д хоёр дэлхийн аварга Панамын Билон Атейна, Казакстаны Халзова нар халз тулан, Панам бүсгүйн яллаа. Энэ жинд Европын наадмын аварга, Европын 3 удаагийн аварга Ирландын Окоурке Аоифыг Польшийн Волчик Элизабета мулталж орхив. Болж дээ. Олон жил өндөр зэрэглэлд үзээд аз таарахгүй яваад байсан юм. Токиогийн олимпод 51 кг-ын жинд дэлхийн аварга Кубын Виетта Ёосбаниг мултлаад, олимпийн аварга Галал Яафайд тахимаа өгсөн Замби улсын сэргэлэн хүү Чинемба дэлхийн аваргын мөнгөн медальт, Энэтхэгийн Амитыг зогсооход гайхсангүй. Тэр бараг л медаль дээр буучихаж. Энэ жинд медалийн төлөө энэ цаг үеийн хосгүй хоёр аварга олимп, дэлхийн аварга Узбекстаны Дусматов, дэлхийн аварга, Токиогийн олимпын хүрэл медальт Казакстаны Бибоссинов нар тулах нь ээ. Олон ч удаа өгөөтөй аваатай тулсан даа. Нэг нь л медаль дээр бууна. Энэ сугалаагаа яаж хийчихсэн юм бэ ОУОХ-ныхон. Эн тэнцүү яваа 2021, 2023 оны дэлхийн аваргууд ш дээ. Казакын залуу од, дэлхийн аварга Сабирхан Испани залууд мааниа уншуулан мултарч, шуугиан тарилаа. Эх оронд нь ч асуудал өрнөжээ. Европынхон энэ жил ер нь бэлтгэл сайн, арай өөр харагдаад байгаа юм. Киргызстаны дэлхийн аваргын хүрэл медальт залуу Сейтбек Уулу мөнгөн медальт Куба залуу Ортагаа мулталчих юм. Манай Цэндбаатарыг ялж, олимпын эрх авсан Болгар хүү 8-д үлдэж чадсангүй Канадын боксчинд ялагдав. Дэлхийн 3 удаагийн аварга, олимпын мөнгө, манай монголчуудтай аллергитай Франц эр Оумиха Софайне бараг л медаль руу орчих бололтой. Түүнд аваргын алтан медаль л хэрэгтэй, яахыг бурхан л мэдэх байх. Узбекын дэлхийн аварга, монголчуудын сайн танил Руслан Абдуллаевтай нэг хэсэгт байгаа. Нэг нь л финал руу явна. Энэ 63,5 кг-ын жинд Европын наадмын аварга, техниктэй гоё боксчин Гүржийн Гурули Казак залуутай медальд багтах эсэхээ үзэхээр болжээ. Тэр хаа ч хүрч мэднэ. Казакууд энэ удаа жаахан ёндоо муутай байгаа. Казакстан, Японы дэлхийн хоёр ч аваргыг дараалан үзэгчийн сандал руу оруулсан одтой, бяртай байгаа Йорданы хүчирхэг залуу Ийшаш Зеяад/71кг/ англи эртэй медалийн төлөө тулахаар болжээ. Украины итгэл найдвар дэлхийн аварга Олесандр Хижняк/80кг/ Токиогийн олимпод бараг л алт зүүж, илт ялж яваад төгсгөлд нь олимпийн аварга болсон Бразилийн Хеберт Консеасиогийн тэнэсэн суманд оногдож, мөнгөн медаль зүүсэн. Алдааны хариугаа бразил залуу 2023 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Соуза Перейра Вандерлигээс авч чадах уу, үгүй юу гэдэг нь их сонирхол татаж байна. Хижняк олимпын алтыг эх орондоо аваачихаар ирсэн нь ойлгомжтой. Тархи шуугиулсан, алмайруулсан тулаанууд олон болж байна даа. Өнөөдөр монгол охин ч бас алмайруулж, дэлхийн аваргыг үзэгчийн суудал руу илгээж мэднэ. М.Энхжаргалдаа амжилт!
Эх сурвалж : Nainaa Tseelee