Эрэмгий арслан М.Еркебулан энгүй барилдаж түрүүллээ
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат, улсын баяр наадамд 2 удаа дөрөв давсан, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харъяат, “Гэрэгэ Системс” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх, аймгийн заан Эрдэнэбаярын Алтанбаяр үзүүрлэв. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “НДП Констракшн” ХХК, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан У.Береке, Ховд аймгийн Дөргөн сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Бүрэн Минж Транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Дармаажанцан нар шалгарлаа. Харин дунд шөвөгт аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Ч.Алтангэрэл Х.Очирхуяг нар үлдсэн байна. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй аймгийн арслан Р.Дамдинд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, “Шонхор” дээд сургуулийн шавь нар, хамт олон, үе тэнгийн бөхчүүд, нутгийн зон олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүлэв.
Завхан аймгийн Ургамал сумын уугуул, Төв аймгийн Баянхангай сумын харъяат, ард олонд “Атар”-ын хэмээн нэршсэн улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өнөөдөр зохион байгуулагдана.