Ямаль гэж хүү ямар ганган тоглоно вэ?
ЕАШТ-2024. Эхний хагас шигшээ тоглолт. Испани-Франц. Хөгширч буй буурал тивийн ширэн бөмбөгийн оргил тэмцээн өндөрлөх тал руугаа эргэж, шигшээд тоглох эхний баг тодорлоо. Тивийн том тулаанд гурвантаа түрүүлсэн ялагдашгүй улаанууд, тивдээ хоёр ч удаа магнайлсан гурван өнгөтүүд гарааны бүрэлдэхүүнээ ингэж гаргав.
Хоёр багийн тоглолтын хэмнэл тун өрнөл ихтэй эхэлсэн. Хэд хэдэн довтолгоон ээлжлэн явагдсаны дараа тоглолтын 9 дэх минутанд Францын шигшээ баг талбайн төвөөс довтолгонооо эхлүүлэн, дамжуулалт зүүн жигүүр рүү чиглэж, бөмбөгийг хүлээн авсан хурдан залуу К.Мбаппегийн өгсөн маш ухаалаг дамжуулалтыг төвийн довтлогч Кола Муани чулуу болгосноор хошой аваргууд гоолын салхийг хагалж чадав. Түүний мөргөлтийг хэн ч хаах боломжгүй байлаа.
Тоглолт цааш үргэлжлэн, Испани залуусын хуй салхин довтолгоо өрсөлдөгч багийнхаа хамгаалалтын шугамыг ганхуулж эхлэв. тоглолтын 21 дэх минутанд 16-хан настай алтан жаал Ламин Ямаль эсрэг багтаа аймшгийн, хөл бөмбөг сонирхогч бид бүхэнд бол дэндүү ганган цохилтыг үзүүлэн, дотогш эргэсэн алаг бөмбөг хаалганы баруун шонг долоон хаалганд шунгинан орох нь тэр. Тооны харьцаа 1:1 болж тэнцлээ. Бичлэг үзэх
Тэнцээний гоолоос ердөө дөрөвхөн минутийн дараа буюу тоглолтын 25 дах минутанд 16-гийн талбай дотор багийн гол найруулагч Дани Олмогийн баруун хөлийн хүчтэй цохилтыг хэн ч хааж, зогсоож чадсангүй. Тэр зүгээр нэг дугаар 10 биш гэдгээ яруу тодоор ийнхүү харууллаа. Тоо 2:1 болж, Испаничууд давуу байдлыг богинохон хугацаанд авч, тоглолтын эргэлтийн цэгийг олж хатгав.
Тоглолтын сүүлийн үед аль аль баг нь хэн хэнийхээ хаалгыг бөмбөгөөр мялааж чадсангүй. Францчуудын хичээл зүтгэл талаар болсоор. К.Мбаппе ч боломжоо алдаж орхив. Дэлхий, Европын аваргуудын айхтар ширүүн 37 дох тулааны ялагчид тивийн аваргын цомын төлөө үлдлээ. Тэдний учраа нь Нидерланд-Англичуудын хожсон баг нь байх болно. Гал дүрэлзүүлэн, сэтгэл гэгэлзүүлсэн гоёхон 2 тоглолт үлдлээ дээ. Айргаа сөгнөөд, ардын наадмаа үзэнгээ ногоон талбайн өрсөлдөөнөө үзээд байж дээ, Монголчууд минь.
Спортын сэтгүүлч Н.Тамир
Испани-Франц. Гэрэл зургийн цомгоос
Энэхүү тоглолтын шилдэг нь мэдээж Л.Ямаль хүү байлаа.